2008-08-19
Р.Чойном : Ээждээ айлтгаж хэлсэн үгс

Ээж ээ надад юу ч хэрэггүй
Энхрийлэл ч хэрэггүй, зэмлэл ч хэрэггүй
Эм тан ч хэрэггүй
Хутга туухай ч хэрэггүй
Эхнэр ямар нь ч хэрэггүй
Гагцхүү Цэрэндулам хэрэгтэй.

Амьдрал цэнгэл нь олдохгүй бол
Адаглаад бараа нь хэрэгтэй.
Амраг хайр нь олдохгүй бол
Алаг нүд нь хэрэгтэй.
Алд бие нь олдохгүй бол
Зураг хөрөг нь хэрэгтэй,
Амьд үхсэн сураг нь хэрэгтэй.
Өөр юу ч хэрэггүй, ээж ээ
Өрөвдөөч дээ, намайг ээж ээ
Өрвийтөл харанхуй шөнөөр
Хүүгий чинь гээд ирдэг байсан
Өнчин янзага шиг тэр амьтныг
Өрөвдөөч, хайрлаач ижий минь,
Хүний бүсгүй үрийг та эс өрөвдвөл
Хүй дэлхийд ямар ээж өрөвдөх юм бэ,
Хүсэхгүй байгаа бол байг л дээ
Хүүд чинь таны мянган энхрийлэл хэрэггүй.
Амрагийн минь эсрэг хэлсэн ганц үг чинь
Алаг зүрхийг минь зуу огтолж байгааг
Аяа ижий минь мэдэж байна уу,
Аавд минь та урьд хайртай байгаагүй гэж үү.
Хонгор янагийн минь надад тэмүүлсэн хайрыг
Хорин хэдэн насандаа та дайраагүй гэж үү
Хоёр нүднийхээ нулимсыг арчин арчин явж
Хотод хоригдсон аав уруу минь очоо нь үгүй гэж үү.
Өөрийг чинь тэгж явахад хэн нэгэн ижий
Өөчилж ингэж хэлсэн бол танд ямар байх вэ
Хэлүүлэх өөтэй байгаа амрагийн минь буруу юм уу,
Хэрэгсэлгүй тэмүүлж байгаа миний буруу юм уу.
Цэцэг өргөс алагласан энэ л хорвоо дээр ижий минь ээ
Цэрэндулам үгүй бол хүүгийн чинь зүрх цоо хатгуулаад байна аа.
Цэцэн тэнэг холилдсон энэ замбуулинд ижий минь ээ
Цэрэндулам үгүй бол хүүгийн чинь тархи юу ч бодож чадахгүй нь ээ.
Муухай хүү гэж алаг үрийг чинь хүн хэлээгүй байхад
Муу хүүхэн гэж амрагийг минь та хэлж яах нь вэ.
Алдаа дутагдлын минь шарх бүхнийг элгээрээ та халхлаад
Амьтанд хавчигдсан хүний үрийг ингэтлээ юунд өөчлөө вэ?
Хан хорвоод цорын ганцхан ижий танаа би
Хайрлах, гомдох, уурлах зэрэгцээд байна аа.
Өссөн биеэ эвдэж уйлан хайлан эх хүн болохдоо та
Өөрийнхийгөө хайрлана, өрөөлийнхийг хялайя гэж ээж болоогүй биз дээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax